Дэлхий дахинаа тархаад буй Коронавирусын нөлөөгөөр манай улсын хувийн хэвшлийн компаниуд хэрэгжүүлж байгаа төслүүдээ хойшлуулах, зардлаа танах, эдийн засгийн таагүй нөхцөл байдлаас үүдэн 10 гаруй мянган хүн ажлын байраа алдахад хүрээд байгаа энэ цаг үеийн хүнд хэцүү байдлыг үл хайхран Оюу толгойн ханган нийлүүлэгч, Ханбогд сумын уугуул иргэдийн байгуулсан, Ханбогдод бүртгэлтэй орон нутгийн “Жавхлант Говь Инвестмент” компани төлөвлөгөөнийхөө дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн шинэ завсарын төвөө ашиглалтад оруулаад байна. Жил гаруйн хугацаанд хагас тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон энэхүү засварын төв нь Оюу Толгой компанид үйлчилгээ үзүүлж байгаа тус компанийн тээврийн хэрэгслүүдийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг ханган, тээврийн хэрэгсэл тус бүрт цахим хувийн хэрэг хөтлөн, засвар үйлчилгээг хуваарийн дагуу хийж, эвдрэл, доголдлоос урьдчилан сэргийлж, сэлбэг бүртгэлийн цахим систем бүхий сэлбэгийн агуулахыг дэргэдээ байгуулж сэлбэгийн нөөцийг бүрдүүлснээрээ онцлогтой юм. Тус засварын төв нь нэгэн зэрэг гурван тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ үзүүлэх боломжтой. Үүнээс гадна оффис, хурлын өрөө, ажилчдын цайны газар, ажилчдын амрах байр, ариун цэврийн өрөө, шүршүүр зэрэг ажилчдын тав тухтай ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг бүрэн ханган ажиллаж байна.
Манай засварын төв нь засварт орж байгаа машин ухарч гарахгүйгээр шууд нэвт гарах хаалгатай.
Цахим бүртгэлийн систем бүхий сэлбэгийн агуулахыг дэргэдээ байгуулж сэлбэгийн нөөцийг бүрэн хангасан.