• (+976) 99082355, 99006980, 99038196
  • info@jgi.mn
Оюутолгойн уурхайн цахилгаан эрчим хүчийг дотоодоос хангах гэрээг байгууллаа

10

02-р сар

Оюутолгойн уурхайн цахилгаан эрчим хүчийг дотоодоос хангах гэрээг байгууллаа

2022 оны 02 сарын 10

Оюутолгойн уурхайг дотоодын эх үүсвэрийн цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг ЭХЯ-нд байгууллаа. Тодруулбал, манай улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс "Оюутолгой" компанийг урт хугацаанд цахилгаанаар хангах гэрээг “Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ”, “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иуд, “Диспетчерийн үндэсний төв” болон “Оюутолгой” ХХК-ийн хооронд байгуулж дээрх компаниудын удирдлага гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нээж хэлэхдээ, “Оюутолгойн гүнийн уурхайг нээн ажиллуулахад бэлэн болоод буй энэ цаг үетэй давхцан тус уурхайг эрчим хүчээр хангахаар шийдвэрлэж буй нь манай улсын эдийн засаг, эрчим хүчний салбарт чухал үйл явдал болж байна. Энэхүү гэрээг  байгуулснаар манай улсын эдийн засаг, эрчим хүчний салбарт ойрын ирээдүйд орох их хэмжээний орлогыг баталгаажуулж байна. Учир нь гэрээг албажуулснаар жилд дор хаяж 120 сая ам.долларын импортын төлбөрийг дотооддоо үлдээнэ. Валютын гадагшлах урсгал энэ хэрээр буурах юм. Мөн энэхүү гэрээ нь “Тавантолгой ДЦС” болон  эрчим хүчний салбарт техникийн шинэчлэл хийхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах эрхзүйн акт болох юм” гэдгийг тодотгов.

Ёслолд оролцон гэрээнд гарын үсэг зурсан “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес уурхайн хувьд цахилгаан эрчим хүч амин чухал хэрэглээ юм гэдгийг тодотгон, “Оюу толгой уурхайд аюулгүй байдал, тасралтгүй үйл ажиллагаа явуулахад маш найдвартай цахилгаан эрчим хүч хэрэгтэй. Бидний энэ хэрэгцээг ЭХЯ хэд хэдэн эх үүсвэрээс хангана гэдгээ мэдэгдэж байна. Энэ гэрээ талуудад үр өгөөжтэй шийдэл болсон гэдэгт итгэлтэй байна. Энэ бол Монгол Улсын Засгийн газар болон "Оюутолгой” компанийн хооронд үр дүнтэй, харилцан ойлголцож хамтран ажиллаж буйн нэг үр дүн" хэмээн онцолж, Монгол Улсаас эрчим хүчээ хангахаар болж буй нь Оюутолгойгоос оруулах хувь нэмэр, өгөөж улам бүр нэмэгдэнэ гэдгийг цохон тэмдэглэв.

Эх сурвалж: МОНЦАМЭ