Олон улсын Ахмадын баярын өдөр эрхэм хүндэт ахмад буурлуудынхаа амар амгаланг айлтгая.
Ахмадуудын эрх ашгийг хамгаалах, тэдний нийгэмд оруулсан хувь нэмрийг нийтэд таниулах зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг “Олон улсын Ахмадын өдөр” болгон дэлхий даяар тэмдэглэж байхаар тунхаглажээ. Энэ шийдвэрийн дагуу манай улс 1992 оноос эхлэн “Ахмадын баяр”-ыг уламжлал болгон тэмдэглэсээр 30 гаруй жил болжээ.
Монгол улсынхаа ирээдүй хойч үеийн сайн сайхан, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан шаргуу хөдөлмөрлөж, үнэнчээр зүтгэсэн үе үеийн буянт буурлууд, та бүхэндээ Олон Улсын Ахмадын баярын өдрийн халуун мэндийг хүргэж, эрүүл энх зуу насалж, зургаадай таягаа тулж, үр хүүхэд, төр түмэндээ өмөг түшиг болж явахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье!
ТА БҮХЭН МИНЬ САЙХАН БАЯРЛААРАЙ